|
|
|
"Хэрэв чи бодож л байгаа бол үргэлж томоор бод." - Дональд Трамп |
|
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТОЙМ |
|
Бичлэг үзэх |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 36,652.49 нэгжид хүрч 1.27%-ийн уналттай хаагдлаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн зорилтууд мэдээлэгдлээ. Мөнгөний бодлого болон макро зохистой бодлогын хүрээнд, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх; Инфляцыг онилох мөнгөний бодлогын тогтолцоог бэхжүүлж, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, нөхцөлүүдийг сайжруулах; Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтлах гэх мэт төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн зорилтууд мэдээлэгдлээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ АНУ-ын хөрөнгийн зах зээл Баасан гарагт "Талархлын баяр"-ын өдрийг тохиолдуулан амарсан билээ. Баасан гарагт арилжаа яваагүй хэдий ч өнгөрөгч 7 хоногт зах зээл үргэлжилсэн өсөлтөө хадгалж 4 дэх 7 хоногоо дараалж өслөө. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд 6-т эрэмбэлэгдэж эхлээд буй NVIDIA компанийн 3-р улирлын тайлан хамгийн ихээр татлаа. Учир нь тус компанид томоохон хөрөнгө оруулалтын сангууд ирээдүйд хиймэл оюун ухааны салбар тэлэхийн хэрээр тус компанийн үйл ажиллагаа түүнтэй дүйцэхүйц хурдацтай тэлнэ гэх үндэслэлээр их хэмжээний хөрөнгө оруулалт 2023 онд хийгээд байгаа юм. Тайлангийн хувьд NVIDIA компанийн 3-р улирлын ашигт ажиллагааны үзүүлэлтүүд шинжээчдийн үзүүлэлтийг давлаа. Гэсэн хэдий ч АНУ-ын Засгийн газраас БНХАУ-руу экспортлох чип, хагас дамжуулагчид хориг тавих магадлалтай байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовниож байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ Европын төв банк 2024 оны эхний хагас жилээс эхлэн зээлийн хүүгээ бууруулж магадгүй гэх хөрөнгө оруулагчдын хүлээлтээс үүдэн Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.91%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Европын төв банкны бодлого боловсруулагчид инфляцыг бууруулах тэмцэл дуусаагүй гэдгийг сануулж буй хэдий ч төв банк бодлогын хүүгээ ирэх оны эхний хагас жилд бууруулах боломжтой гэх хүлээлтийг зах зээлд үүсгэж байна. Тодруулбал, Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард зээлийн хүү дараагийн хоёр улиралд тогтвортой хадгалагдаж магадгүй гэж мэдэгдсэн бол Францын төв банкны бодлого боловсруулагч зээлийн хүү дараагийн хэдхэн улиралд хэвээр байх төлөвтэй байна гэж мэдэгдээд байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Өнгөрөгч 7 хоногийн эхэн үед Nikkei 225 индекс 1990 оноос хойших хамгийн дээд түвшнээ хүрч өссөн боловч 7 хоногийн сүүл үед эргэн уналаа. Зах зээл өсөлттэй байхад дотоодын аж ахуйн нэгжүүдийн 3-р улирлын орлогын тайлан сайн гарч буй болон үйлдвэрлэгчдийн орлого иений ханш сулралаас үүдэн өндөр өсөлттэй байгаа нь гол нөлөөг үзүүлж байна. Мөн АНУ-ын бодлогын хүү удахгүй дээд цэгтээ хүрнэ гэх хүлээлт хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж байна. Япон улсын 10-р сарын суурь инфляцын түвшин 2.8%-иас 2.9%-д хүрч өслөө. Япон улсын зорилтот инфляцын түвшин 2.0% бөгөөд инфляцын түвшин зорилтот түвшнийг давснаас хойш 19 сар өнгөрч байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээ авсаар байгаа хэдий ч үр ашигтай нөлөө шууд гарахгүй байна гэх хөрөнгө оруулагчдын үзэлтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.44%, CSI 300 индекс 0.84%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Мөнгөний бодлогын хурлаар БНХАУ-ын Ардын Банк 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүгээ хүлээлтийн дагуу хэвээр үлдээлээ. |
Дэлгэрэнгүй |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ "Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ноос 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 7 удаагийн нүүрсний, 5 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 125,177,536,617 төгрөгийн арилжаа хийсэн байна.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж буурч 4.37%-д хүрч буурсан нь 2023 оны 9-р сараас хойших хамгийн доод түвшин юм. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
ХАМТЫН ХААЛТТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2023.11.24
Санхүүгийн зохицуулах хорооны “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам” 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК-иас “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 37 тоот тогтоолоор баталсан. Тус тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 483 тоот тушаалаар батламжилж, мөн өдрөөс дагаж мөрдөхийг үүрэг болголоо. Дэлгэрэнгүй |
"ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" КОМПАНИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ 2023.11.23
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 551 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/118 тоот тушаалаар “Инновэйшн Инвестмент” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 225 төгрөгийн үнэ бүхий нийт 36,977,618 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хүлээн авахаар боллоо. Дэлгэрэнгүй |
|
ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ |
|
|
|
ЯПОН УЛСЫН ИНФЛЯЦ Х САРД 2.9 ХУВЬД ХҮРЧ ЭРЧИМЖИВ 2023.11.17
Есдүгээр сард шинэ хүнсийг оруулалгүй тооцсон хэрэглээний үнийн өсөлт аравдугаар сарын 2.8 хувиас 2.9 хувь болж өссөн нь 19 дэх сардаа Японы Төв банкны зорилтот хоёр хувийн түвшнээс давсан үзүүлэлт болж байгааг тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ. Дэлгэрэнгүй
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2024 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ УИХ БАТЛАВ 2023.11.24
Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэмж оруулсан байна. Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэн авах хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангахад зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх, зээлийн нийт эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэгш, хүртээмжтэй байлгахаар тусгажээ. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хувьд 2023 онд ойролцоогоор 620 тэрбум төгрөг, 2024 онд мөн ойролцоо хэмжээний эргэн төлөлт хийгдэнэ гэж Монголбанк мэдээлсэн юм. Дэлгэрэнгүй |
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт | Дилер |
|
|